
Люк Литтлер Саудын Арабын Дартсын Мастерс тэмцээний анхны аваргаар тодорлоо
Саудын Арабын Дартсын Мастерс, 2026 оны 1-р сарын 20
Рияд хотноо зохиогдсон Саудын Арабын Дартсын Мастерс тэмцээний анхны аваргын төлөөх тоглолтод дэлхийн чансааны №1 Люк Литтлер Майкл ван Гервенийг 8-5 харьцаагаар буулган авч, түүхэн ялалт байгууллаа.
Ийнхүү Литтлер дартсын спортын түүхэнд Саудын Арабт телевизээр дамжуулан зохион байгуулагдсан тэмцээний анхны аварга болж, World Series-ийн тав дахь цомоо хүртсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Бахрейны Мастерс тэмцээний шөвгийн наймд хожигдоод байсан тэрбээр шинэ улирлын анхны цомоо итгэл төгс тоглолтоор нээв.
19 насны төрсөн өдрөөсөө нэг хоногийн өмнө Литтлер Бахрейны Мастерсийн аварга ван Гервенийг дараалан World Series-ийн цом хүртэх боломжийг нь тасалдуулж, финалд үнэмлэхүй давамгай тоглолт үзүүллээ.
Литтлер тоглолтын дараа:
“Бахрейнд бүх зүйл санаснаар болоогүй ч Саудын Арабт анх удаа ирээд, анхны аварга болсондоо маш их баяртай байна.
Энд ирэхдээ бид юу хүлээж байгаагаа сайн мэдэхгүй байсан ч өчигдөр, өнөөдөр үзэгчид гайхалтай байлаа.
Завсарлагааны дараа Майкл сайн эргэн ирсэн ч би өөрийн тоглолтоо дахин олж чадсан. Ялалт байгуулсандаа үнэхээр баяртай байна.
Маргааш төрсөн өдрөө тэмдэглээд, дараа нь гэр бүл болон найз бүсгүйнхээ хамт Дубайд гурван өдөр амарна” хэмээн онцоллоо.
Финалын тоглолтыг Литтлер маш хүчтэй эхлүүлж, 132 онооны хаалт (checkout) болон гурван удаагийн 13 шидэлтийн лег хийж, 4-0-ээр тэргүүлэв.
Ван Гервен тав дахь легт 121 онооны хаалт хийснээр тоог 4-3 болгон ойртуулсан ч Литтлер гол мөчид хяналтаа эргүүлэн авч, Нидерланд тамирчин гурван боломжит давхар (double)-аа алдсаны дараа 115 онооны хаалтаар хариу барив.
Тоглолтын сүүлчийн хэсэгт өрсөлдөөн ширүүссэн ч Литтлер санаачилгыг алдалгүй, 11 шидэлтийн лег хийснээр аваргын цэгийг авлаа.
Өмнө нь Литтлер шөвгийн наймд Жиан ван Венийг гайхалтай тоглолтоор хожсон юм. Тэрээр 0-3, 3-4-өөр хожигдож явсан ч 111.6 дундаж оноотой тоглон 6-3-аар эргэн ялалт байгуулсан нь тэмцээний шилдэг тоглолтуудын нэг байв.
Хагас шигшээд Литтлер Гервайн Прайстай тоглож, 2-4-өөр дутуу явснаа эргэн нөхөж, Бахрейны Мастерсийн шөвгийн наймд хүлээсэн ялагдлынхаа хариуг авч чадлаа.
Харин ван Гервен өдрийн эхэнд Стивен Бантингийг 6-4-өөр буулган авсан бөгөөд уг тоглолт дараалан есөн легт сервис (throw) алдагдсан сонирхолтой өрнөлтэй байв. Улмаар тэрээр хагас шигшээд Нэйтан Аспиналлыг 7-5-аар хожихдоо сүүлийн зургаан легийн тавд нь ялалт байгуулж, финалд шалгарсан юм.
Аспиналл 105 болон 128 онооны хаалтуудаар эхэндээ давамгайлсан ч ван Гервен 100.3 дундаж оноотой тоглож, ялалтыг өөртөө авчээ.
World Series-ийн 18 дахь цомоо хүртэх боломжоо алдсан ч ван Гервен:
“Люк өнөө орой үнэхээр гайхалтай тоглолоо. 4-0-ээр хоцорсон маань надад хүнд байсан ч дараа нь өөрийн хэмнэлийг олсон. Гэсэн ч Люкт баяр хүргэхээс өөр аргагүй. Тэр гайхалтай тэмцээн үзүүллээ.
Би одоо ч өрсөлдөх чадвартай хэвээр. Би хэзээ ч бууж өгдөггүй. Энд анх удаа ирж байгаа хүний хувьд гомдоллох зүйл алга” хэмээн хэлэв.
Аспиналл өмнө нь Хонконгийн Ман Лок Леунгийг өндөр чанартай тоглолтоор хожсон бөгөөд Леунг 98 дундаж оноотой тоглон том тайзан дээрх ур чадвараа дахин нотолсон юм.
Мөн Гервайн Прайс дэлхийн чансааны №2 Люк Хамфрисийг шийдвэрлэх легт буулган авч, World Series-ийн шөвгийн наймд Хамфрис дахин хожигдоход хүргэлээ.
