
2026 BETVICTOR ДАРТСЫН ДЭЛХИЙН ЦОМЫН ХЭСГИЙН ШАТНЫ СУГАЛАА ЯВАГДЛАА
2026 оны BetVictor Дартсын дэлхийн цомын тэмцээний хэсгийн шатны сугалаа мягмар гарагт тодорч, 40 улсын шигшээ багийн өрсөлдөөний эхний шатны оноолтууд тодорлоо.
Тэмцээн зургаадугаар сарын 11-14-ний өдрүүдэд Германы Франкфурт хотод зохион байгуулагдана.
Дэлхийн чансааны нийлбэр үзүүлэлтээр тэргүүлсэн Англи, Нидерланд, Умард Ирланд болон Шотландын шигшээ багууд шууд шөвгийн 16-д шалгарсан бол чансааны 5-16 дугаарт эрэмбэлэгдсэн 12 баг хэсгийн шатанд толгойлогчоор оролцоно. Үлдсэн 36 баг 12 хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг тус бүрийн ялагч хасагдах шатанд шалгарна.
Хэсгийн шатны онцлох өрсөлдөөнүүдийн нэг нь F хэсэгт явагдах бөгөөд Шведийн шигшээ баг Өмнөд Африк болон Монголын шигшээ багтай нэг хэсэгт багтлаа. Монгол Улс дартсын дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцож байгаа бөгөөд М.Алтантүлхүүр , Л.Ганзориг нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.
Хэсгүүд дараах байдлаар бүрдэв:
А хэсэг: Герман, Филиппин, Шинэ Зеланд
В хэсэг: Бельги, Хонконг, Словени
С хэсэг: Уэльс, Литва, Тайланд
D хэсэг: Ирланд, Сингапур, Уганда
E хэсэг: Польш, Португал, Швейцар
F хэсэг: Швед, Өмнөд Африк, Монгол
G хэсэг: Австрали, Канад, АНУ
H хэсэг: Чех, Дани, Энэтхэг
I хэсэг: Австри, Франц, БНХАУ
J хэсэг: Латви, Итали, Тринидад ба Тобаго
K хэсэг: Хорват, Испани, Япон
L хэсэг: Финланд, Унгар, Норвеги
Тэмцээний бүх тоглолт хосын форматаар явагдах бөгөөд хэсгийн шат долоон легийн системээр (Best of 7) зохион байгуулагдана. Харин шөвгийн 16, шөвгийн найм болон хагас шигшээ тоглолтууд 15 легийн, аваргын төлөөх финал 19 легийн форматаар явагдана.
Дэлхийн аварга Luke Littler болон дэлхийн №2 Luke Humphries нарын бүрэлдэхүүнтэй Английн шигшээ баг түрүүлэх гол фаворитоор нэрлэгдэж байгаа бол дөрвөн удаагийн аварга Нидерландын багийг Michael van Gerwen тэргүүлэн оролцоно.
Франкфуртад болох энэ удаагийн тэмцээн нь дэлхийн шилдэг дартсчдыг нэгтгэхээс гадна Монгол зэрэг шинэ оролцогч орнуудын хувьд олон улсын тавцанд хүчээ сорих түүхэн боломж болж байна.
