Жон Макдоналд, Жорж Нобл нар PDC-ийн Алдрын танхимд багтлаа
2026.01.05·2 мин уншина

Жон Макдоналд, Жорж Нобл нар PDC-ийн Алдрын танхимд багтлаа


Ёслолын хөтлөгч Жон Макдоналд болон шүүгч Жорж Нобл нар даартсын спортод сүүлийн гурван арван жилийн турш оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг нь хүндэтгэн PDC-ийн Алдрын танхимд шинээр өргөмжлөгдлөө.

Эдгээр домогт хоёр эрхэм энэ бямба гарагт “Александра Палас”-т болох Paddy Power World Darts Championship-ийн финалын тоглолт (Люк Литтлер – Гиан ван Вийн)-ын дараа микрофоноо албан ёсоор тавьж, даартсын нэгэн эрин үе ийнхүү өндөрлөх юм.

Дэлхийд нэр хүндтэй ёслолын хөтлөгч Жон Макдоналд нь 2007 онд Фил Жонсын залгамжлагчаар томилогдсоноос хойш PDC-ийн бүрэн цагийн багийн гишүүнээр ажиллаж ирсэн. Тэрээр үүнээс өмнө 2004 онд “The Showdown” тэмцээнийг хөтөлж байсан бөгөөд Премьер лигийн эхэн үеийн тэмцээнүүдэд мөн оролцож байв.

Үүнээс хойш Макдоналд өөрийн давтагдашгүй, онцгой хэв маягаар тоглогчдыг танилцуулдгаараа даартсын ертөнцөд хэн бүхэнд танигдсан нүүр царай болжээ.

Шүхэрт цэргийн ангид алба хааж байсан, мөн мэдээллийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан тэрээр боксын спортын хөтлөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд олон төрлийн спортын арга хэмжээг хөтөлж ирсэн туршлагатай.

Харин Жорж Нобл нь PDC-ийн тойрогт бараг 20 жилийн турш шүүгчээр ажилласан бөгөөд үүнээс өмнө BDO-ийн шүүгчдийн багийг удирдаж байсан, даартсын спортод гялалзсан замналыг туулсан нэгэн юм.

57 настай Нобл “Александра Палас”-ын тайзан дээр есөн сумтай төгс легийг долоон удаа зарлаж байсан бөгөөд PDC-ийн дэлхийн аваргын түүхэн дэх анхны төгс легийг 2008/09 оны тэмцээнд Рэймонд ван Барневелд хийсэн мөчийг зарлах хүндтэй үүргийг гүйцэтгэсэн билээ.

Ноблын тайзан дээрх шүүгчийн замнал энэ бямба гарагт өндөрлөх бөгөөд уг финалын тоглолтыг домогт хоолойт Жон Макдоналд сүүлчийн удаа танилцуулах юм.

PDC-ийн Гүйцэтгэх захирал Мэтт Портер дараах байр суурийг илэрхийллээ.

“Жон, Жорж хоёр сүүлийн 20 жилийн хугацаанд PDC-ийн хөгжил дэвшилд асар чухал үүрэг гүйцэтгэсэн.

Жоны урам зориг, хүсэл тэмүүлэл, дуу хоолойгоороо уур амьсгал бүрдүүлэх чадвар нь даартсын спорт ийнхүү өргөн хүрээнд хайрлагдах болсон гол шалтгаануудын нэг юм.

Тайзыг хэн нэгэн нээж, уур амьсгалыг бүрдүүлэх ёстой. Энэ үүргийг Жоны хоолой бидний хувьд төгс биелүүлж ирсэн.

Жорж PDC-д ирэх үед BDO-оос олон тоглогч тогтмол шилжин ирж байсан. Манай Тэмцээний захирал Томми Кокс түүнийг PDC-д элсэхийг ятгасан бөгөөд тухайн үед энэ нь бараг л тоглогч гэрээлсэнтэй адил том үйл явдал байсан.

Жорж манай шүүгчдийн бүрэлдэхүүнийг үнэхээр бэхжүүлсэн, бидний хувьд гайхалтай сонголт байсан.”

Мөн тэрээр:

“Жон, Жорж хоёрт зөвхөн PDC төдийгүй даартсын спортын төлөө оруулсан асар их хувь нэмрийнх нь төлөө гүнээ талархаж байна. Тэднийг Алдрын танхимд багтаасан нь спортод үзүүлсэн нөлөөг нь албан ёсоор үнэлж буй хэрэг юм.”

Жон Макдоналд, Жорж Нобл нар ийнхүү PDC-ийн Алдрын танхимд багтсанаар дараах нэрт эрхмүүдийн эгнээнд нэгдлээ. Үүнд:

  • PDC-ийн Ерөнхийлөгч Барри Херн OBE

  • Үүсгэн байгуулагчид Дик Алликс, Томми Кокс

  • Домогт шүүгч Расс Брэй

  • Даартсын домгууд Фил Тейлор, Эрик Бристоу MBE, Жон Лоу MBE, Деннис Пристли, Род Харрингтон, Жон Парт
    нар багтана.

Мөн хуучин PDC-ийн ёслолын хөтлөгч Фил Жонс, шүүгчид Фредди Уильямс, Брюс Спендли нар ч мөн амжилт дүүрэн замналынхаа дараа PDC-ийн Алдрын танхимд өргөмжлөгдсөн билээ.

Дартсын дэлгүүр - 99001379, 95147202