
Люк Литтлерийн төгс тоглолт түүнийг дэлхийн хошой аварга болголоо
Люк Литтлер гайхалтай тоглолт үзүүлж, Жиан ван Вийнийг 7:1-ээр илт ялснаар PDC-ийн дартсын дэлхийн аваргад хоёр жил дараалан түрүүллээ.
18 настай англи тамирчин Литтлер ийнхүү Фил Тейлор, Адриан Льюис, Гари Андерсон нарын хамтаар дараалан хоёр жил дэлхийн аварга болсон ердөө дөрөв дэх тоглогч боллоо.
Түүний “Александра Палас”-т гурав дахь удаагаа оролцохдоо авсан хоёр дахь ялалт нь мөн нэгэн түүхэн үзүүлэлт болж байна. Одоогоор PDC-ийн дэлхийн аваргын цомыг Литтлерээс илүү хүртсэн тоглогч гэвэл зөвхөн Фил Тейлор (14 удаа), Майкл ван Гервен (3 удаа) хоёр л бий.
Хэдийгээр Литтлер Фил Тейлорын PDC-ийн 14 удаагийн аваргын амжилтаас 12-оор дутуу байгаа ч, Ван Вийний эсрэг үзүүлсэн энэхүү мастер-класс тоглолт нь “The Nuke” хочит түүнийг өмнө нь давшгүй мэт санагдаж байсан тэр амжилтыг гүйцэх бүрэн боломжтой гэх яриаг улам хүчтэй болголоо.
“Энэ бол үнэхээр онцгой мөч,” хэмээн Литтлер Sky Sports-д ярьжээ.
“Бид цааш үргэлжлүүлэн явж, илүү олон цом нэмэх ёстой. Энд зогсож болохгүй. Бид энэ галзуу аяллын дунд явж л байна.”
Финалын тоглолтын ноёрхол
Литтлер тоглолтын ихэнх хугацаанд 107-оос давсан дундаж оноо авч, эцэст нь 106.02-оор тоглолтоо дуусгасан бол, Ван Вийн бараг 100-д дөхсөн дундажтай байсан ч өрсөлдөөн үзүүлж чадалгүй ард хоцорлоо.
Тоглолт бүрэн түүний хяналтад орсны дараа Литтлер 147 онооны хаалтаар ялалтаа чимж, финалын турш түүнийг дэмжсэн үзэгчдийн зүг эргэн ялалтын дуу хадаалаа.
£1 саяын шагналын мөнгө-өө баталгаажуулсны дараа Ван Вийн түүнд баяр хүргэж, харин Олимпын дугуйн домогт тамирчин Сэр Крис Хой Сид Уодделлийн цомыг гардуулан өгөх үед Литтлер нулимс дуслуулж байв.
Ван Вийнийг хүчтэй давамгайлсан тоглолт
Тэмцээний турш 73 удаа 180 оноо авч, финалд дангаараа 16 максимал шидсэн нь тус тэмцээний хамгийн өндөр үзүүлэлт байлаа.
Амьдралынхаа хамгийн том тоглолтод оролцож буй 23 настай Нидерландын тамирчин Ван Вийн тоглолтыг сайн эхлүүлсэн. Тэрээр 116 онооны хаалтаар 12 шидэлттэй лег авч, эхний сетийг өөрийн болгосон юм.
Гэвч үүнээс цааш Литтлер тоглолтоо бүрэн хяналтдаа авлаа. Хоёр дахь сетийн эхэнд Ван Вийн 145, 127 онооны хаалтууд хийсэн ч Литтлер 116 онооны хаалтаар хариу барьж, тоог тэнцүүлэв.
Гурав дахь сетэд Литтлер дээд амжилт болох 170 онооны хаалт хийж, дараа нь дөрөв дэх сетийг цэвэр авч, сүүлийн 10 легийн 9-д нь ялалт байгуулан 3:1-ээр тэргүүлэв.
Ван Вийн тав дахь сетийг 137 онооны хаалтаар эхлүүлэн сэргэхийг оролдсон ч Литтлерийн хэмнэлийг ганхуулж чадсан цорын ганц зүйл нь “Алли Палли”-д дахин гарч ирсэн зөгий байв.
Гэсэн ч энэ ч Ван Вийний талд ашиг болж чадсангүй. Литтлер эцсийн том хаалтаар тоглолтоо дуусгаж, дахин нэг түүхэн ялалтаа баталгаажууллаа.
Тоглогчдын байр суурь
“Оноо авах тал дээр өнөө орой миний тэмцээний хамгийн шилдэг тоглолт байгаагүй,” хэмээн Ван Вийн Sky Sports-д хэлэв.
“Люк надад дахиж боломж өгөх сэтгэлтэй байгаагүй. Тэр үнэхээр гайхалтай тоглосон.
Би тоглолтыг тэнцвэртэй болгох боломжоо хэт олон алдсан. Тийм ч учраас тэр одоо илт давуугаар дэлхийн чансааны нэгт бичигдэж, хоёр жил дараалан дэлхийн аварга боллоо.”
“Түүнд чадахгүй зүйл гэж алга”
Дэлхийн аваргаа хамгаалсан нь Литтлерийн хувьд даартсын спортод бүрэн ноёрхсон онцгой жилийг төгсгөж байна.
Тэрээр энэ хугацаанд таван томоохон цом хүртсэн бөгөөд үүнд:
World Matchplay (ингэснээр даартсын “гурвалсан титэм”-ийг гүйцээсэн),
UK Open,
Grand Slam of Darts,
World Grand Prix
зэрэг багтжээ.
“Тэр улам бүр сайжирч, ахисаар байна. Бид Люк Литтлерийн жинхэнэ дээд түвшнийг хараахан үзээгүй гэж бодож байна,” хэмээн хуучин PDC-ийн мэргэжлийн тоглогч Мэтт Эдгар BBC Radio 5 Live-д ярьжээ.
Харин Sky Sports-д ярилцлага өгөхдөө дэлхийн аваргын хагас шигшээд таван удаа шалгарч байсан Уэйн Мардл:
“Даартсын самбар дээр түүнд чадахгүй зүйл гэж алга.
Фил Тейлортой адил — тэр сайн тоглосон үедээ заавал ялдаг. Одоо бүх зүйл түүний эргэн тойронд өрнөж байна.
Формат ямар байх нь хамаагүй. Тэр зүгээр л хамгийн шилдэг нь,” хэмээн дүгнэжээ.
Дартсын дэлгүүр - 99001379, 95147202
